E-Geree logo
E-Geree logo

Үйлчилгээний нөхцөл

И-Баримт бичиг систем буюу www.e-geree.mn платформын үйлчилгээний нөхцөл

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Смарт контракт Монголиа” ХХК (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх)-ийн зүгээс цахим баримт бичгийн системийн үйлчилгээг Харилцагчид үзүүлэх нөхцөл болон тавигдах шаардлага (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх)-ыг тодорхойлсон, цахим баримт бичгийн систем www.e-geree.mn-ийг ашиглахтай холбоотой талуудын эрх, үүргийг тодорхойлно.

1. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
  • 1.1 “Цахим баримт бичгийн систем” гэж дэвшилтэт технологи ашиглан Харилцагч буюу хувь хүн, хуулийн этгээд нь энэхүү www.e-geree.mn платформоор бүртгэл үүсгэн, ДАН системээр өөрийн хувийн мэдээллийг баталгаажуулж, өөрийн цахим, эсхүл тоон гарын үсгийг ашиглан бүх төрлийн баримт бичгийг цахим орчинд байгуулах боломж бүхий мэдээллийн технологийн системийг;
  • 1.2 “Цахим баримт бичиг” гэж www.e-geree.mn системд Харилцагч өөрийн мэдээллийг үнэн зөв оруулан тус цахим баримт бичгийн системийн тусламжтайгаар баримт бичгийн нөгөө талтайгаа байгуулах боломж бүхий бүх төрлийн баримт бичиг, хэлцлийг;
  • 1.3 “Бүртгэл” гэж хувь хүн, хуулийн этгээд энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцан өөрийн хувийн мэдээллийг ДАН системээр баталгаажуулсны үндсэн дээр цахим баримт бичгийн системийн Харилцагч болсныг;
  • 1.4 “Дан систем” гэж цахим орчинд бүхий л төрлийн үйлчилгээг авахад тухайн иргэн, хуулийн этгээдийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжтой платформ бүхий танилт нэвтрэлтийн системийг;
  • 1.5 “Харилцагч” гэж энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцан өөрийн хувийн мэдээллийг ДАН системээр баталгаажуулсны үндсэн дээр цахим баримт бичгийн системд бүртгүүлж, www.egeree.mn платформоор дамжуулан бусад этгээдтэй баримт бичиг, хэлцэл байгуулах үйлчилгээ авч байгаа хувь хүн, хуулийн этгээдийг;
  • 1.6 “Үйлчилгээ үзүүлэгч” гэж www.e-geree.mn платформын тасралтгүй үргэлжлэх хөгжүүлэлтийг хийж, Харилцагчдийг өөр хоорондоо иргэний эрх зүйн тэгш эрх, сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн аливаа баримт бичиг, хэлцэл байгуулах боломжоор хангах цахим баримт бичгийн системийн хэвийн ажиллах, нөхцөлийг хангаж, энэхүү үйлчилгээг санал болгож байгаа “Смарт контракт Монголиа” ХХК-ийг;
  • 1.7 “Цахим гарын үсэг” гэж Иргэний хуулийн болон Цахим гарын үсгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн хэрэглэгдэж байгаа Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан гарын үсгийг тус тус ойлгоно.
2. ХАРИЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  • 2.1 Харилцагч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх өдрийн байдлаар Монгол Улсын холбогдох хуулийн дагуу эсхүл тухайн харьяа улсынхаа хуулийн дагуу өөртөө эрх олж авах болон зохих үүргийг бий болгох чадвартай 18 насанд хүрсэн иргэн байна.
  • 2.2 Үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн ирүүлсэн зохих баримт бичиг, мэдээллийн хүрээнд тухайн харилцагчийн эрх зүйн чадамжийг тодорхойлно. Харилцагч нь Монгол Улсаас бусад улсын харьяа улсын хуулийн дагуу эрх зүйн чадамжтай болсон эсэхийг шалгах үүргийг Үйлчилгээ үзүүлэгч нь хүлээхгүй болно.
  • 2.3 Харилцагч нь дор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаар энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
3. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ
  • 3.1 Харилцагчид нь баримт бичиг, хэлцлийг зайнаас, цахимаар хийх бөгөөд энэ нь биечлэн уулзахад зарцуулах цаг хугацаа, цаас, баримтын болон ирж очих тээврийн зэрэг зардлуудыг хэмнэж, Ногоон засаглал, ногоон орчныг бий болгоход туслалцаа үзүүлнэ.
  • 3.2 Харилцагч нь www.e-geree.mn платформ буюу Цахим баримт бичгийн системийн тусламжтайгаар гуравдагч этгээдтэй байгуулсан аливаа баримт бичиг, хэлцлээ Блокчэйн технологи ашиглан дахин давтагдашгүй дижитал хэлбэрээр хадгалж болох бөгөөд энэ нь тухайн баримт бичиг, хэлцлийг байгуулагч талуудын хувьд ямар ч цаг үед устахгүй, гэмтэхгүй, өөрчлөгдөхгүй баримт болон хадгалагдаж үлдэнэ.
4. БҮРТГЭЛ ҮҮСГЭХ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
  • 4.1 Харилцагч нь өөрийн и-мэйл хаягаар бүртгэл үүсгэж баталгаажуулалт хийгдсэний дараа нэвтрэх эрх үүснэ. Харилцагч нь системд нэвтэрч дараах мэдээллийг оруулсны үндсэн дээр бүртгэл үүсгэх бөгөөд энэхүү системийг ашиглах боломжтой болно. Үүнд:
    • Оршин суугаа хаяг
    • ДАН системийн баталгаажуулалт
    • Утасны дугаар
    • Цахим гарын үсгийн баталгаажуулалт
    • 2FA (2 factor authentication) буюу 2 фактор офентикэйшн баталгаажуулалт
  • 4.2 Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн дээрх мэдээллийг Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны зорилгоор цуглуулахаас гадна, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг хүргэх, санал гомдлыг шийдвэрлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийцлийг хангах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор ашиглана.
  • 4.3 Харилцагч нь “Профайл” хэсэг дэх дараах мэдээллээ өөрчилж болно.
    • Нэвтрэх нууц үг
    • Утасны дугаар
    • Харилцагч хуулийн этгээд бол төлөөлөх эрх бүхий этгээдийн овог, нэр, албан тушаал.
5. МЭДЭГДЭЛ БОЛОН БАТАЛГАА
  • Харилцагчийн мэдэгдэл болон баталгаа
  • 5.1. Харилцагч нь дараах зүйлүүдийг урьдчилан мэдэж, танилцсан бөгөөд бүрэн ойлголт авч, хүлээн зөвшөөрсөн болно. Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн доорх мэдэгдэл болон баталгааны үндсэн дээр тухайн Харилцагчийн хүсэж буй үйлчилгээг үзүүлж байгаа болно. Үүнд:
    • 5.1.1 Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, танилцсан болохыг;
    • 5.1.2 Харилцагч нь доор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаас үүсэх хууль зүйн болон бусад үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болохыг;
    • 5.1.3 Харилцагч нь энэхүү үйлчилгээг аливаа дүр үзүүлэх зорилгоор аваагүй болохыг;
    • 5.1.4 Харилцагч нь энэхүү иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрх зүйн бүрэн чадамжтай болохыг;
    • 5.1.5 Харилцагч нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, эсхүл өөрийгөө зөв удирдаж чадахгүй, эсхүл сэтгэцийн түр зуурын сааталд ороогүй болохыг;
    • 5.1.6 Харилцагч нь шаардлагатай зөвшөөрлийг зохих этгээдээс авсан эсхүл аливаа зөвшөөрлийг авах шаардлагагүй болохыг;
    • 5.1.7 Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагч энэхүү платформд нэвтэрч үйлчилгээ авсны төлөө Харилцагаас зохих төлбөр авахыг;
    • 5.1.8 Харилцагч нь энэхүү үйлчилгээнд хамаарах Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон олон улсын баримт бичиг, конвенц эсхүл өөрийн оршин суугаа газрын хууль тогтоомжийг зөрчиж оролцоогүй болохыг;
    • 5.1.9 Харилцагч нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөртөө учирсан хохирлыг арилгахыг Үйлчилгээ үзүүлэгчээс шаардах эрхгүй, Үйлчилгээ үзүүлэгч нь дээрх үүрэг хүлээхгүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;
    • 5.1.10 Харилцагч нь үйлчилгээ авахдаа өөрийн үүсгэсэн нэвтрэх нэр, нууц үг зэргийг бусдад задруулахгүй байх ба нууц үгээ алдсанаас болж хохирол учирсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь хариуцахгүй болохыг;
    • 5.1.11 Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч доор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаар Үйлчилгээ үзүүлэгчтэй зохих эрх зүйн харилцаанд оролцож байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг Харилцагч нь үүгээр тус тус мэдэгдэж, баталж байна.
  • Үйлчилгээ үзүүлэгчийн мэдэгдэл болон баталгаа
  • 5.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчид дараах зүйлүүдийг мэдэгдэж, баталж байгаа бөгөөд Харилцагч нь Үйлчилгээ үзүүлэгчийн энэхүү мэдэгдэл болон баталгааны үндсэн дээр Үйлчилгээ үзүүлэгчээс өөрийн хүсэж буй зохих үйлчилгээг авч байгаа болно. Үүнд:
    • 5.2.1 Үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж Монгол Улсын холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хариуцлагатай компани болохыг;
    • 5.2.2 Үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид хориглоогүй үйлчилгээг Харилцагчид үзүүлж байгаа болохыг;
    • 5.2.3 Үйлчилгээ үзүүлэгч нь олон улсад нийтлэг ашиглагддаг Монгол Улсын холбогдох эрх бүхий байгууллагаас хориглоогүй технологийг ашигладаг болохыг;
    • 5.2.4 Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн эрх ашгийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамгаална гэдгийг Үйлчилгээ үзүүлэгч нь мэдэгдэж, баталж байна.
  • 5.3 Энэхүү цахим баримт бичгийн систем нь дэвшилтэт технологи болон хиймэл оюун ухаан ашиглан хувь хүн, хуулийн этгээдэд нэн шаардлагатай хууль эрх зүйн мэдээлэл өгөх, хуульд нийцсэн баримт бичгийг Цахим баримт бичгийн системийн тусламжтайгаар хэрэглэгчдэд хялбар, түргэн шуурхай, хямд өртгөөр хүргэх зорилготой болно.
6. TӨЛБӨР ТӨЛӨХ ХЭЛБЭР
  • 6.1 Харилцагч нь үйлчилгээний төлбөрийг Платформ дээр санал болгож буй Qpay, Social Pay-ээр дамжуулан, мөн Виртуал хөрөнгийн орлого, зарлага гаргах дансаар дамжуулан төлөх боломжтой. Гүйлгээний утга дээр өөрийн овог нэр, регистрийн дугаар, эсхүл энэхүү цахим баримт бичгийн системд бүртгүүлсэн ID, бүртгэлийн мэдээллээ бичнэ.
  • 6.2 Харилцагчийн зүгээс энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, өөрийн харилцагч бусад этгээдүүдтэй цахим баримт бичгийн системийг ашиглан баримт бичиг, хэлцэл байгуулж, уг үйлчилгээний төлбөрийг төлснөөр уг Үйлчилгээг бүрэн хүлээн авсанд тооцогдоно.
7. ХАРИЛЦАГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ
  • 7.1 Харилцагчийн өгч байгаа хувийн мэдээлэл нь Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан зарчим, зохицуулалтын хүрээнд ашиглагдах бөгөөд Харилцагчийн зүгээс өөрийн хувийн мэдээллээ энэхүү Үйлчилгээний нөхцөл, журмын зорилго, агуулгын хүрээнд ашиглах бүрэн эрхийг Үйлчилгээ үзүүлэгчид үүгээр олгож байгаа болно.
  • 7.2 Үйлчилгээний нөхцөлийг “хүлээн зөвшөөрч” уг үйлчилгээг хэрэглэж ашиглаж байгаа бүхий л хугацаанд Харилцагчийн хувийн мэдээлэл нь уг үйлчилгээний зорилго, чиглэлийг ханган, биелүүлэхэд ашиглагдах бөгөөд үүнээс өөр зорилгоор Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс Харилцагчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй болно.
  • 7.3 Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс Харилцагчийн хувийн мэдээллийг зөвхөн уг үйлчилгээний зорилго чиглэлийг хангахад зайлшгүй оролцох этгээдэд дамжуулж болно.
  • 7.4 Харилцагчийн зүгээс Үйлчилгээний нөхцөл журмын хүрээнд үйлчилгээг хүлээж авахаа больсон, өөрийн бүртгэлтэй хаягийг идэвхгүй төлөвт 5 жилийн хугацаагаар байлгасан бол Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс тухайн харилцагчийн хувьд өөрийн хувийн мэдээлэл ашиглах эрх олгосон зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгож байна гэж үзэж болно.
  • 7.5 Харилцагчийн зүгээс өөрийн хувийн мэдээллийг ашиглах зөвшөөрлийг энэхүү Үйлчилгээний нөхцөл журмыг хүлээн зөвшөөрч, өөрийн бүртгэлтэй хаягийг баталгаажуулснаар Үйлчилгээ үзүүлэгчид олгосон гэж үзнэ.
  • 7.6 Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах зэрэгтэй холбогдох бүхий л үйл ажиллагааг Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ.
8. НУУЦЛАЛ
  • 8.1 Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад байдлаар Харилцагчийн хувийн мэдээллийг хүлээн авах, цуглуулах, хадгалах, хамгаалах, бусад этгээдэд задруулах буюу гуравдагч этгээдэд мэдээлэхийг хориглоно.
  • 8.2 Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хадгалж, гарын үсэг болон бусад холбогдох хувийн мэдээллийг хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлнэ.
  • 8.3 Харилцагч нь www.egeree.mn системийг ашиглан олж авсан аливаа мэдээлэл (үйлчилгээний дагуу худалдаж авсан баримт бичиг болон баримт бичгийн нөхцөлийн хэлбэр г.м)-ийг чанд нууцлах, хадгалах болон хамгаалах үүрэгтэй.
9. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА
  • 9.1. Харилцагч нь цахим баримт бичгийн системд байрлуулсан аливаа баримт бичгийг гарын үсгээр баталгаажуулан авсны дараа түүнийг зөвхөн уг 9.2. Үйлчилгээний нөхцөл, журмын хүрээнд ашиглах бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж Үйлчилгээ үзүүлэгчид учирсан бодит хохирлыг үл маргах журмаар бүрэн төлж барагдуулна.
  • 9.2. Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг сайн дураар хүлээн зөвшөөрч, уг үйлчилгээг авч тухайн төрлийн баримт бичгийг баримт бичгийн нөгөө талтай байгуулж байгаа бөгөөд үүнээс гарах үр дагаврыг өөрөө биечлэн, 100 хувь хариуцах болно. Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн хувийн мэдээллийг Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаас өөрөөр ашиглаж Харилцагчид бодит хохирол учруулсан бол түүнийг бүрэн хариуцна.
  • 9.3. Үйлчилгээ үзүүлэгч болон Харилцагчид нь энэхүү Үйлчилгээний нөхцөл болон уг үйлчилгээний чанар, нөхцөл байдлын талаар харилцан санал гомдол гаргаж болох бөгөөд үүнийг энэхүү Үйлчилгээний нөхцөлийн зорилго, агуулгын хүрээнд боломжит хугацааны дотор шийдвэрлэнэ.

--------- § ---------

E-Geree logo

Developed by Smart Contract Mongolia

imageimageimage

Компани

Холбоо барих

  • Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Эко Интернэйшнл тауэр 2101 тоот
  • [email protected]
  • +976 72724747

Copyright © 2025 Smart Contract Mongolia LLC